7 сарын 1. БҮҮ МАРТ – Part 2. 7 сарын 1 хэрхэн эхэлсэн бэ?

Өглөөний 9 цагаас манай тарсан хэд ч цуглалаа. Энд тэндээс хүмүүс ёстой усны урсгал шиг цуглаж эхэлсэн дээ. Янз бүрийн хүмүүс, ёстой төрөл бүрийн хүний өнгө холилдлоо. Хамгийн гайхалтай нь настай улсууд ихээр иржээ. Шинээр ирсэн хүмүүс бидний урьд шөнөжингөө ярьсаныг л ярьж, өөр хоорондоо санаа нийлэх нь нийлж, маргах нь маргаж эхэллээ. Сүхбаатарын хөшөө тойроод баахан хүн цугларч эхэллээ. Цугларсан хүмүүс, юу нь мэдэгдэхгүй, баахан хүмүүс дэмий зогсож байхаар мөнгөө нийлүүлээд Анонс хэвлүүлье гэв. 500, 5000 гээд л хүмүүс кармаанаасаа мөнгө гаргаж нийлүүлтэл маш хурдан мөнгө босов. Олны юм гэж өөр л юм билээ. Тэгээд зарим нэг нь үг, лоозонг бэлдэж, зарим нь түүнийг нь аваад анонс хэвлүүлэхээр явцгаалаа. Төдөлгүй анонс ч бэлэн болж хүмүүс түүнийгээ бариад талбай дээр зогсов.

Сонгуулиас болж хойшлогдоод байсан их сургуулиудын элсэлтийн шалгалтын бүртгэл тэр өдрөөс эхэлсэн тул баахан хүүхэд, залуучууд бас ихээр цугласан байсан. Энд юу болох гэж байгаан? гээл асууж, гүйлдсэн хүүхдүүд…

12 цагаас иргэний хөдөлгөөнийхэн бөөн туг, дарцаг болсоор жагсаж ирэв. Тэгтэл талбай дээр цугларагсдын ихэнх нь тэднийг дагаад хуйлралдав. Тэд СЕХ орж, удалгүй МАХН-ын байр руу жагсав. Бидний хэдэн улс “бид саналаа хамгаалж энд ирсэнээс биш, аль нэг улс төрчийг хамгаалж ирээгүй ээ, тэгэж улс төрчдийн арын фон болохгуй” гээд зохион байгуулалттай жагсагчдыг дагалгүй талбай дээрээ үлдэцгээсэн. Тэгээд ч маргаан шийдвэрлэх субъект нь МАХН биш Дээд шүүх, эсвэл ҮХЦэц байх юм чинь гээд гомдол гаргахаар болж, хүмүүсийн гарын үсгийг цуглуулж эхэллээ.

Тэгэж байтал өдөр 3 цагийн орчим МАХН-ынхантай уулзахаар иргэдийн хөдөлгөөнийхэн орсон тухай мэдээ сонсогдлоо. Бид тийшээ очлоо. Жагсагчдын байдал нэрээн ширүүссэн байв. МАХН-ын үүдний хаалга эвдэрч, шилнүүд нь юу ч үгүй хагарчээ. Тэгтэл Жаргалсайхан гарч ирээд энд хэн ч алгаа, бүгд явцгаасан байна гэдэг юм байна. Хүмүүс шуугилдан, исгэрэлдэж чулуу нүүлгэж эхэллээ. Байдал эвгүй болсон болхоор бид талбай руугаа буцлаа. 5 цагийн орчим МАХН-ы байранд гал гарч байгаа сураг сонсогдож  бид дахин тийшээ очлоо. Тэгтэл баруун талын булангийнх нь билетийн кассын үзүүрийн хоёр цонхоор хар утаа манарч байлаа. Удалгүй жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болов. Цагдаа нар үрлэн сумаар буудаж хүмүүс Дуурийн урд талаар ханаран зугтацгааж, тэгсэнээ буцаж дайрч, явган замын хавтангуудыг хуулан авч цагдаа нар руу нүүлгэж байлаа. Драмын урд талаар хүүхдээ тэвэрсэн, хөтөлсөн хүмүүс, хөгшчүүд кино үзэж байгаа мэт үймсэн олны хөлд өртөхөд бэлэн зогсож байх юм. Иргэд, цагдаа нарын хоорондын мөргөлдөөн нэг дайрч, нэг ухарч, учир нь олдохгуй юм боллоо. Энэ байдал хэдэн цаг үргэлжлэв. Яг л кинон дээр гардаг шиг, бууны дуу нэг тас няс, дуугарч, нэг тачигнаж, хүмүүсийн дуу улам чангаар уухайлна.

Тэр бүхнийг би талбайгаас ажиглан, айх, гайхах, зэвүүцэх, ер нь юм, юм зэрэгцэн хөдөлж байсан юм даг. Энэ эрх баригчид нэрээ арай ч дээ, байдал ийм болчоод байхад гарч ирээд ганц үг унагачихад яадаг байнаа хэмээн дотроо халагдаж суусан юм. Тэгтэл талбай дээр байсан нэг нь “хүмүүс ээ, зурагтаар аймар юм гарч байна, өч төчнөөн цагдаа, энгийн иргэд шархдаж, цус нөжтэйгээ холилдож байна, үүнийг зогсоох хэрэгтэй” гэдэг юм байна. Бид сэтгүүлч, ТВ-гийнхэн дээр очиж энэ бүх хүчирхийллийг зогсоохын тулд ард түмэндээ уриалга гаргаач ээ гэтэл, бид зөвхөн өрнөж байгаа нөхцөл, байдлыг байгаагаар нь шуурхай мэдээлэх л үүрэгтэй, ямар нэгэн тайлбар, уриалга гаргах эрхгүй гэдэг юм байна. Аргаа ядаад олны хөлд өртөх аюулд учраад байсан хүүхэд, хөгшчүүдийг холдуулахад л чадах бүхнээ хийж байлаа.

Тэр бужигнаан дотор зарим хүн шоу болно гэсэн, яахын бол гэцэн зогсож байсан. Юун шоу вэ? Ийм аймар юман дотор бас шоу бодоод явж байдаг. Ер нь зарим хүмүүс яг юу болоод байгааг сайн ойлгоочгүй байсан байх.

Сүүлдээ энэ бүхэн нь бүр утга учраа алдчих шиг боллоо. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн биш, юун МАХН-тай байлдах юм болоод явчихваа… Тэгээд ч бүтэн шөнө, бүтэн өдөр гудамжинд өнжсөн хүн чинь ядраад бүр сүг болчихжээ. Гудамжныхныг үзээрийн гээл муулаад байдаг, тийм байхаас ч өөр аргагуй юм билээ. Би гэдэг чинь өдөржингөө халуун наранд зогссоор байгаад нүүр юу ч үгүй түлэгдчихсэн, уруул ам хага хага үсэрчихсан, яг л нэг “бөбөөчин” төрхөнд орчихсон байв. Дээрээс нь 24 цаг хөл дээрээ зогссон хүний чинь нуруу яг тасрах шахдаг юм билээ. Үхтлээ ядарцан, дээрээс нь хамаг юм бүр эмх замбраагаа алдцан болохоор би харихаар шийдэж оройны 10 цагийн орчимд талбайгаас гарч, машин руугаа зүгэллээ. Машина Хүмүүнлэгийн урд аваачаад тавьцан байсаныг хэлэх үү. Энд тэнд зам хаагдцан болохоор машинаа яах гэж авч гарч ирэв гэж уурсаж, хамаг хараалаа урсгаж байлаа. Түгжирч, түгжирч Багшийн дээдээр төв зам руу орох гэтэл зам хаацан гээд бүх машиныг эргүүлдэг юм байна. Буцаал түгжирсээр Бөхийн өргөөгөөр орох гэсэн чинь бүгдийг нь зүүн тийшээ эргүүлээд, арга ядаад Нарантуулын замаар уруудлаа. За ёстой, жинхэнэ чихээс чинь тэнд л болж байлаа. Бараг бүтэн 2-3 цаг явж байж нэг юм гэртээ орж ирлээ. Тэгсэн чинь зурагтаар Энхбаяр онцгой байдал зарлаад сууж байдгийн байна. Үүнээс хойшхийг нь та бүхэн бараг мэдэж байгаа байх. Хамаг юм хаацан, хаана юу болж багйааг нь бүү мэд… Монголын хэдэн гуйлгачид траншейнаасаа гарч ирсэн л гэнэ. МАХН-ын байрны үүдэн 2-3 мянган орчим хүн жагссан л байх. Тэгвэл талбай дээр хүмүүсийн урсгал ердөө тасраагүй штээ. Улаанбаатрынхан бараг тэр чигээрээ ирчихсэн байсан. Ядаж л ороод гарсан байх. Ямар ч байсан доод тал нь 20-30 мянган хүн байсан. Тиймдээ л тэр үймээн тийм удаан үргэлжилсэн байх. Тэгэхээр бид чинь одоо бүгдээрээ архичин, хулгайч, гуйлагчид болж таарч байна үү?



3 Responses to “7 сарын 1. БҮҮ МАРТ – Part 2. 7 сарын 1 хэрхэн эхэлсэн бэ?”

  1. Найз чинь says:

    Чи тэгвэл их холоос харсан юм байшд. Би тэр дунд чинь гааздуулаад манараад гүйж явлаа шд

  2. uundaa says:

    …хАРИН 7 сарын 1-нд Их сургуулиудад бүртгүүлэх гээл манаргаж яваад яг л сонирхоод л дунд нь орж, нулимс асгаруулагчид өртөж билээ хэхэ..тээл хашраал ГЯЯ-ны үүднээс харсан, гал гараал ер нь байдал бишдэж эхэлснийг гадарлаал_ харьсан даа..Гэхдээ яг эсэргүүцэл үзүүлсэн нь хэд байсан бол? ХУдлаа зүгээр сонирхож ч юмуу, далдагнаж явсан хэд байсан бол гээд л сүүлд бүр хожим л энэ бүгдийг түүхчид маань тодорхой болгон заах байхдаа, гэхдээ түүхийг завхруулах амархан шүү дээ…ммм..

  3. Найзад: Өө чи тэгүүл идэвхийлэн тэмцсэн хүн байна штээ. Би ээмэгтэй хүний хувьд холоос л хараал, халаглаал, бас Ху намыг арчиж хаях нь гээл баярлаал явжийвшд. Даан ч шал өөр юм болцон.
    Уундаа:Эртхэн явсан нь яамай даа. ГХЯ-ны тэрүүгээр хүнүүсийг ангуучиож эхэлсэн байна лээшт.

Leave a Reply